Saturday, December 28, 2013

08. "Өвөр Монгол бөх, Энхтүвшин гэчихвэл манайхны амнаас алт унах гээд байна уу?!"

Нийтлэлч Алхана Болд, 2010 он. No.08. "Өвөр Монгол бөх, Энхтүвшин гэчихвэл манайхны амнаас алт унах гээд байна уу?!" /Үндэстний маань хэсэг- өвөр монголчуудын хүү, Өлзийтогтохийн Энхтүвшин\"Сококурай"\ Японы сүмо-гийн дээд зиндаад гарч 8 давснаар тэндээ үлдэж чадлаа. Улам хичээгээсэй. Даан ч манай зарим ТВ-ийн тайлбарлагчид элэг нэгтнийхээ амжилтад баярлах нь битгий хэл, "Өвөр монгол бөх, Энхтүвшин"- гээд хэлчихвэл амнаас нь алт унах гээд байгаа юм шиг аашлан 10-н хэд хонолоо. Тэгсэн атлаа тэд "Гүржийн бөх", "Болгар бөх", "Солонгос", Эстонийнх гээд сүйд. Бөхийг тайлбарлахдаа тэд олон улсын хуулийг баримтлах гээд байгаа бол, өвөг дээдсийнхээ ариун голомт-Монгол Улсаас өөрийн хүслээр татгалзаж, монголчуудын эрүүл хэсгийг нь эмзэглүүлэн харь улсад элсэгсэдийг -Монголын бөх- хэмээн зусардах эрхгүй биш үү. Япон Улсын эрхэд ч халдана биш үү. Тэгээд ч, тэд Монголынх гэж хэлүүлэх дуртай байгаа юм уу?! Харин -Паспорт, сэтгэл хамаагүй, бие нь монгол бөх- гээд байгаа бол Энхтүвшин ч бас багтах бус уу!? Олон улсын хууль гэснээс нэгэн дурсамж санаанд орж байна. 2008 оны Бээжины Олимпийн үеээр Монголын зарим сэтгүүлч ТВ-ээр "Хятадын боксчин маань"/манай Хятадын боксчин/, "Хятадууд маань"/манай хятадууд/- гэцгээж улс, үндэстнээ "андуурч" улс төржөөд байсан нь гайхалтай байв... Хамгийн зөөлөн хэлэхэд, улсаа гологсодыг -Монгол Улсын гавъяат/"Монгол Улсад гавьяа байгуулсан"/, манай тамирчин- хэмээдгээ томчууд бид Төрийн дуулалаа аялан зогсдог бяцхан үрсдээ юү гэж тайлбарлах вэ?!. "-Том болоод та нар ч гэсэн төр\улсаа цамц, өмд шигээ сольчихож болно, одоохондоо наадхаа дуулж бай" гэх үү. Улсаасаа татгалзахад ямар нэгэн харамсал, буруушаалт баймаар. Үгүй гээд байгаа бол, манай түшмэлүүд юунд "-Хүүхэд, залуусаа эх оронч үзлээр хүмүүжүүлнэ!-хэмээн амалдаг вэ?! Сонгуулийн "шоу" юу? Эх орноосоо урвавал бууддаг байсан бол одоо шагнадаг болох нь уу?! Эх орноо хаясан хүнээр бахархах, түүнд баяр хүргэх нь эрүүл явдал мөн үү?! Монгол Улсынхаа харъяатаас татгалзах нь аажмаар үр садын маань хувьд, эцгээ хаях мэт эмзэг асуудал байхаа болиод, харин жолооны үнэмлэхээ солихын чинээ явдал, эсвэл шинэ сууцад орох, диваажинд очих мэт баясал болж хувирвал ямар гуниг вэ. Уг нь монголчууд "сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" гэцгээдэгсэн. Жич: Цагаач хятадыг "иргэн"/ирсэн хүн/ гэж нэрлэдэг байсан Монголд одоо өөрсдийгөө иргэд\"ирэгсэд"\ гэцгээдэг болж. Монгол хүн уг нь "иргэн" биш харин харъяат юмсан. Монгол Улсын харьяат болно гэдэг бол зарим монгол хүнд бүтэхгүй мөрөөдөл. Нэгэн хазар хүн "-Би Монголын иргэн болох юмсан. Өвгөдийнхөө нутагт хогийг нь шүүрдэж байгаад ч гэсэн үхэх юмсан" гэж бичсэн байсан. Өвөр монгол Хуучинхүүгийн "Чулуун зүрхтэй хайлаас" номоос иш татъя: "Үдийн наран голлож маш халуун агсан ч үе үе сэрчигнэх зөөлөн салхи хөгжмийн аястай санагдана. Бид нэг хөтөл дээр амсхийн суухад хажууханд сүрэг үхэр нэлийтэл хэвтэж үдэлж байлаа. Мах, тарга сайтай өег цатгалан тэдний амгалан тайван байдлыг харсаар эгч минь "-Ирэх төрөлд Монголд хүн болж төрж дийлэхгүй бол ядаж мал болоод төрчихъе" гэв. Би цочисхийв. Сургууль соёлын мөр олж хөөгөөгүй эгчийн минь амнаас гармааргүй үг. Энэ үгэнд хичнээн их зовлон зүдгүүр амссан түүхийн шимшрэл, хичнээн их төвөгдөж гачигдаж байгаа одоох амьдралын аргагүйдэл, жич заяа тавиланы гомдол гутрал агуулагдаж байгаа...". Бидэнд ямар гэмийг хийсэн гэж бид өвөр монголчууддаа дургүй вэ? Өмнөд нутгаа сахин үлдсэн өвгөдийн маань үр сад болж, Өвөр Монголд төрсөн нь тэдний буруу юу?! Хятадууд "өвөр монгол", "монгол бөх" хэмээн дуртайяа ярьж, "Одон" ТВ-ыг Монгол Улс дахь ах дүүсэд нь өдөр бүр үзүүлж байхад, юунд зарим маань хятадуудын зүүдлээ ч үгүй хоригыг өвөр монголчууддаа хэрэглэдэг юм бол?! Эсвэл оросуудыг хөөж явуулснаас хойш Монгол Улсад хятадуудаас айх нь өвчны хэмжээнд хүрсэн юм уу?! Хятад хүнийг "суперман" мэтээр үзүүлсэн зохиолуудыг зарим хүн бичсэн нь үүнд бас нөлөөлсөн байж мэднэ. /Үүнийг нь мэдсэн хятадууд айдсын түвшинг барихын тулд бараг л төлөвлөдөг, 2-3 сар тутамд Монголд хэдэн зуугуулаа бүлэглэн 2-3 монголыг зоддог болсон ч юм бил үү/. Барилгачин хятадуудын дунд хамгаалагч монголыг нэвширтэл зоддог "моод" гараад удаж байна. Нэгийгээ ирж хамгаалдаггүй олон мянган хүнтэй, бар, чонын нэртэй хамгаалалтын албадын утга юу вэ. Харин Казакстанд турк, хятад ажилчид даварвал дор нь дарчихдаг ажээ. 2010.9.17-нд , Актюбинскд, 20-иод хятад ажилчид цуг байсан 3 казакыг зодож. Хамгаалалагчид анхааруулгыг тоогоогүй "зочид"-ынхоо 2-ыг буудчихаж. Дараа нь баахан казак, оросууд орж ирээд нөгөөдүүлийг балбав. 6 \2 нь бууны шархтай\ хятадыг нисдэг тэргээр эмнэлгэд хүргэв. Манайхны бие биеээ айлгадаг шиг, Хятадын Ардын Чөлөөлөх Арми Казакстан руу довтолсонгүй. Тоосон ч үгүй. Аргагүй шүү дээ, бусдын нутагт даварсан тэнэгүүдээ өмөөрдөг мангар улс гэж одоо дэлхийд алга. Тэгээд ч, зочид нь даварвал даруй дарчихдагаараа Хятад улс өөрөө дэлхийд үлгэрлэдгийг хэлэх үү. Өмнө нь ч, казакууд нэгийгээ олон удаа өмөөрч байв. Жишээ нь, 2006.10.20-нд Казакстаны Атырау мужийн Жылы районы Тенгизд нутгийн болон түрк ажилчид мөргөлджээ. Үдийн хоолны үеэр түркүүд нэг казакыг зодож. Бас, охидынх нь талаар эвгүй мэдээг казак эрд түркүүд хэлсэн ч гэдэг. Цусаа гоожуулсан казак яваад 400 хүнийг дагуулаад ирснээр нийтийг хамарсан зодоон болж. 115 түрк эмнэлгийн тусламж авахад хүрсэн. Ах дүүстэйгээ харьцахаас айдаг монголчууд харь үндэстэн- түвдүүдийг дагах, урихдаа жигтэйхэн зоригтой. "Манайхныг улам мунхруулж өг"- гээд шалаад явдаг биз. Аль эсвэл, өвөр монголчуудаа үл тоомсорловол эсвэл хараан зүхвэл өөрсдийг нь хятадууд үнэлнэ гэж тэд горьддог юм байх даа. Харин ч бүүр эсрэгээрээ "-Ар монголчууд гэдэг чинь ах дүүсээ гэдэггүй новшийн этгээдүүд байна. Тэгвэл өөрсдийг нь..." гэж хятадууд жигших ч юм бил үү. "-Цэвэрлэгчээсээ эхлээд Ерөнхийлөгч нь ч монгол хүн байдаг" хэмээн элгэмсдэг Монгол Улсад нь өвөр монголчуудтай гэгээрлийн дүрийг эсгэдэг ламаасаа эхлээд яаж харьцдагын нэг жишээ: "Монгол түмний сүсэг шүтлэгийг сүжиглэсэн Ганданы их дуганд ортол хойноос шар тэрлэгт лам "Хүүе хө, и чиан тү!" гэж нэг наалттай бичгийг заав. Монголын хүмүүсээсээ мөнгө хураахгүй агаад биднийг өвөрлөгч гэж таньчихаад тэгж байна. Яах гэж та хятадаар ярьдаг вэ? Бүр монгол хүн байтал мянган төгрөг гэчихэж болдоггүй юм уу?" гэхэд мэхийсхийгээд "За, уучлаарай" гээд "И чиан тү" гээ авлаа" -хэмээн "Чулуун зүрхтэй хайлаас" номд бичсэн байсан. Цонжин болдог дахь Чингис Хааны Хөшөөд гадаад хүнийг 10000төгрөгөөр оруулдаг ч өвөрмонголчууд, халимаг, буриад, хазаруудыг бидэнтэй адилхан 5000-аар оруулж монгол хүн гэдгийг нь тааламжтайгаар мэдрүүлж байхсан. Тэр ч бүү хэл "-Хятадууд та нар өвөр монголчуудыг даврааж байна. Тэд үндсэрхээд байна. Одон ТВ-ийг нь хянаач, шалгаач" гэх маягын юм хэвлэлээр ховлосон "их бичгийн хүн" ч Монголд бий. Өвөр монголчууд даварсан, давраагүйг Хятад Улс л мэдээгүй байв гэж. Өвөр монголчуудаас өөр дээрэлхчихмээр хүмүүс заримдагуудад олддоггүй бололтой. Нэг бол, "-ах дүү" гэчихвэл тэд алт, зэснээс маань гуйна- гэж манайхан айгаад байна уу. Өвөр монголчууд ар Монголын төлөө гаминтай тулалдаж амиа алдаж, цусаа урсгасныг л сонссон болохоос биш, алт, мөнгө, зэсийг гуйв гэж би дуулсангүй. Одоо л гуйв гэж үү. Тэгээд ч, харийнханд уул уулаар нь өгөөд туучихдаг баялагаасаа манайхан элэг нэгтэндээ бол атгыг ч өхгүй биз. Эрээнд тэднийхээ нэгэнд 5 юань илүү төлчихвөл, "за яахав, хүний нохой идэхээс өөрийн нохой" хэмээн сэтгэлийн таашаал авахын оронд "-Өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм бил ээ!" хэмээн ухуулаад явагсад олон. Зургаан ч өвөр монголыг танихгүй байж "-Би 6 өвөр монголтой утсаар ярьчихлаа, бүгд залилах гээд байна" гэх нь холгүй. Өвөр монголчууд сайн ч, муу ч байсан бидний л ах дүүс. Хамаатнаа сонгох биш. Холуур явмаар хуншгүй хүмүүс үү тэд? Мэдээж тэдний дунд муу ч хүмүүс бий. Монгол хүний мөстэй нь олонхи юм шиг санагдаад байдаг юм. Хэн хэнийхээ яриа, хэллэгээс л харъя: Ядаж л тэд манайхан шиг "-Юу байна?" гэж мэндэлдэггүй юм бил ээ. Гол төлөв "хөгшин", "хөгшчүүл" буюу бараг л хэрэггүй бологсод Монгол Улсад байдаг бол, Өвөр Монголд хүндтэй "настан", "настнууд" байдаг бололтой. 6 сая өмнөд ах дүү нартаа дүргүй атлаа, тэд мөнгөтэй харийнханд, "-Танайхны бөгс хөх толботой байлгүй дээ", "-Танай өвөг дээдэс энд амьдарч байсан байх" гэхчлэн бялдуучилдаг. Тэд бараг л "-Манай монголчууд хаа нэгтэйгээс цагаачлан ирсэн байх. Одоо та нар нутгаа ав" гэх нь холгүй... Элэг нэгт ах дүүсээ дэмждэггүй юмаа гэхэд бид ядаж элдэв харгис, хүйтэн үгсийг чулуудаж тэднийхээ өр зүрхийг өвтгөхгүй явахсан даа. Булагнан жаргах гээд бүгдээрээ мөхчихсөн байх вий дээ, монголчууд. Монгол Улс дахь монголчуудын дунд дэлгэрээд буй- "өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм билээ" гэсэн эрүүл бус, гажиг, хортой уншлагыг бид үндэстнийхээ, хойч үеийнхээ төлөө таслан зогсоох цаг болжээ.

No comments:

Post a Comment